Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Токиогийн авто шоу амжилттай болж өнгөрлөө


Японы нийслэл Токио хотноо 41 дэх удаагийн Токиогийн авто шоу аравдугаар сарын 24-нд хөшгөө нээж, 10 гаруй хоног үргэлжлэн өнгөрөгч долоо хоногт өндөрлөлөө. Ази тивийн төдийгүй дэлхийн авто үйлдвэрлэгчид цуглаж, автомашины техник, технологийн шилдэг ололт, шинэлэг санаагаа танилцуулдаг уг шоу энэ удаад олон улсын гэх статусаа гээж, дотоодын чанартай болон хувирчээ. 2007 онд 241 авто үйлдвэрлэгчид оролцож байсан Токиогийн авто шоунд энэ жил ердөө 109 автомашин үйлдвэрлэгчид оролцож байна. Дэлхийн авто зах зээлд хамгийн томд тооцогддог Хойд Америкаас нэг ч үйлдвэрлэгч оролцоогүй бөгөөд ердөө гуравхан гадны үйлдвэрлэгч оролцож байгаа нь төдийлөн алдартай брэндүүд биш ажээ. Токиогийн авто шоу дэлхийн хамгийн том, өргөн цар хүрээг хамардаг таван авто шоуны нэг бөгөөд 2007 онд 26 гадны үйлдвэрлэгчид оролцож байсан уг шоунд энэ жил ердөө Их Британийн “Lotus” болон “Caterham”, Германы “Alpina’ нар оролцсон байна.

Сүүлийн үед Азийн авто зах зээлд Хятад улс томоохон байр суурь эзлэх болсон. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Шанхайн авто шоунд 1500 бүтээл тавигдаж, Америкийн автомашин үйлдвэрлэгч их гурвалаас гадна Европын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг авто үйлдвэрлэгчид гээд өргөн хүрээг хамарчээ. Хятадын авто үйлдвэрлэл энэ жил 10 саяд хүрч, энэ өндөрлөгт хүрч чадсан дэлхийн улс орнуудын жагсаалтад АНУ болон Японы дараа гуравдугаарт бичигдсэн байна. Гэтэл Японы авто зах зээл дэлхийн эдийн засгийн доройтол, хямралд гүн өртөж, огцом унаад байгаа. 2009 оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх авто үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 41.5 хувиар буурч, 4.6 саяд хүрсэн байна. Энэ шалтгааны улмаас 2009 оны Токиогийн авто шоу цар хүрээ, нэр хүндийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан ажээ.Токиогийн авто шоунд автомашин, мотоцикль болон эд анги гэсэн үндсэн гурван төрөлд дотоод, гадаадын үйлдвэрлэгчид бүтээлээ дэлгэсэн бөгөөд тодруулбал, автомашины ангилалд дотоодын найман компанийн 141, гадаадын гурван компанийн 12 бүтээл тавигдсан байна. Харин мотоциклийн ангилалд дотоодын гурван үйлдвэрлэгчийн 51 бүтээл, гадаадын дөрвөн компанийн 44 бүтээлийг олон нийтэд танилцуулжээ. Уг авто шоуг нийт 615 мянга гаруй үзэгч, автомашин, мотоцикль сонирхогчид үзэж сонирхсон байна.

0 comments:

Post a Comment