Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Нэгэн үе дампуурлын ирмэгт тулаад байсан “Ford Motor” ашигтай ажиллаж эхэлжээ


Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал авто салбарт гүн гүнзгий нөлөөлсний улмаас том, жижиг гэлтгүй ихэнх авто үйлдвэрлэгчид хүндхэн байдалд орсон билээ. Тэдгээрийн нэг болох АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компани 2009 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд зарлажээ. Харин энэ хугацаанд тус компанийн байдал эрс сайжирч, зургаагаас есдүгээр сарын хугацаанд нэг тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Дэлхийн авто зах зээлд эзлэх байр суурь нь нэмэгдэж, зардлаа хэмнэх бодлого баримталсны дүнд компанийн ашиг ийнхүү өсчээ. Өнгөрсөн жилийн гуравдугаар улиралтай харьцуулахад орлого 800 сая ам.доллараар нэмэгдэж, 30.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд татварын өмнөх ашиг 997 сая ам.доллар болсон байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн мөн үед “Ford Motor” компани 161 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан юм. Дээрх мэдээллийг хийсний дараа компанийн хувьцааны үнэ бирж дээр 8.3 хувиар өссөн байна. Түүнчлэн компанийн удирдлага ирэх 2011 онд бүр ч илүү ашигтай ажиллах тооцоог гаргажээ.“Ford Motor” компани өнгөрсөн гурван сарын хугацаанд зардлаа нэг тэрбум ам.доллараар хэмнэсэн бөгөөд бүтэн жилийн туршид нийт 4.6 тэрбум ам.долларыг хэмнэх бодлоготой ажиллажээ. Түүнчлэн Хойд Америк болон Европын зах зээл дээр борлуулалт өсч, тэр тусмаа Хятадын зах зээл дээр борлуулалт 69 хувиар нэмэгдсэн нь ашгийн хэмжээ өссөнтэй нягт холбоотой гэнэ. Юутай ч компани хямралын байдлаас гарч байгаа талаар компанийн удирдлага мэдэгдэж байна.“Ford Motor” компанийг бусад өрсөлдөгчид болох “General Motors” болон “Chrysler” нартай харьцуулбал АНУ-ын Засгийн газраас тусламж аваагүй юм. Хэдийгээр санхүүгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн доройтолд гүн өртсөн боловч тэсч үлдэхийн тулд хэдэн арван мянган ажилчдаа халж, олон салбар үйлдвэрүүдээ хаах замаар зардлаа хэмнэжээ. Мөн Европ дахь тансаг зэрэглэлийн “Jaguar” болон “Aston Martin” брэндээ худалдаж, багагүй хэмжээгээр хөрөнгөжсөн бөгөөд Швед дахь “Volvo” брэндээ мөн худалдах талаар ярилцаж байгаа юм.

0 comments:

Post a Comment